![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhskPytO4pGcMshk3yOMDDqlL9EUJ3TuAUbeakYzys7gsRygHwJgWyRHNdveiOuDoHF6u0i42cHMUbBS0sB0t3occ4aqK5ecO7jlqAWeI9SNMgLTaAUyjSFIGWKA5IKnq31N9Tr5AG_tBI/s1600/i-dont-know.jpg)
Би өөрийгөө мэдэхгүй нэгэн байсан. Би хорвоог ийм агуу, уудам, баялаг гэдгийг бас эсрэгээрээ сул дорой, дэндүү бөгчим, дэндүү ядуу гэдгийг мэддэггүй байж. Энэхэн хорвоод би үргэлж аз жаргалтай байх юм шиг л амьдарч, бодож, сэтгэж байж. Би нар мандаж амьдрал эхэлдэг гэдгийг мэддэг ч сэтгэл дотор ахин нэг нар манддагыг мэддэггүй байж. Аливаа зүйл хэт гүн рүү орох тусам улам л оньсого мэт болох юм.
Амьдрал гэдэг ч оньсого. Түүнийг тааварлах үнэхээр хэцүү гэдгийг ч мэддэггүй байж. Хайр ямар хүчтэйг мэддэггүй байж. Ухаантан мэт авирлаж, увиагүй зан гаргадаг байж. Би үүнийгээ мэддэггүй байж.
Гэхдээ би таниж мэдэж эхлэж байна. Би өөрөөсөө эхлээд мэддэггүй зүйлсээ, ойлгохгүй таавар, оньсогыг өөрийн дотроосоо тайлж эхэлж байна. Амьдрал, хайр, үхэл, гуниг гутрал, инээд хөөр, хүний мөс, тэвчээр, амжилт гээд хорвоо дээрх бүхий л зүйлсийн хариулт гагцхүү миний дотор нуугдан байдагийг би ойлгож байна. Би өөрөөсөө дахин төрөх ёстой гэдгийг ухаарч байна. Гэвч миний мэддэг зүйлсийн хажууд мэдэхгүй зүйлс хэт их. Огторгуй ертөнц дээрх оддоос ч их байх гэж би айж байна. Тиймээ миний мэдэхгүй зүйл их. Зарим зүйлийг мэдэхээс ч айж байна. Зарим зүйлсийг мэдэхийг ч хүсэхгүй байна. Харин зарим зүйлийн хариултыг тэсэн ядан хүлээж байна. Энэ бүгдийг гагцхүү цаг хугацаа л харуулна. Харин би өөрөө бүтээгч, үйлдэгч, гүйцэтгэгч нь билээ.
Хүндэтгэсэн: У.Ганбаяр
Comments
Post a Comment